Эмгэнэл

Эмгэнэл

ХДХВ/ДОХ, СҮРЬЕЭ, ХУМХАА ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ГЛОБАЛЬ САНГИЙН
МОНГОЛ ДАХЬ ОРОН НУТГИЙН БАГИЙН УДИРДАГЧ,
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН
ИНДЕРМОХАН С.НАРУЛА
/1952-2021/

ХДХВ/ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх глобаль сангийн Монгол дахь орон нутгийн багийн удирдагч, бидний хүндэт хамтран зүтгэгч Индермохан С.Нарула зуурдаар таалал төгсөж та бидэнд нөхөж баршгүй том гарз тохиолоо.

Индермохан С.Нарула нь 1952 онд Англи улсад төрсөн, 1974 онд Энэтхэг улсын Зэвсэгт хүчний Анагаах ухааны Их сургуульд бакалавр, 1983 онд Гавай дахь Хонолулу хотын Их сургуульд Нийгмийн эрүүл мэндийн магистр, 1989 онд Англи улсын Ливерпуль хотын Их сургуульд Анагаах ухааны магистр цолтой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн байлаа.

Талийгаач нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, Монгол түмний эрүүл энхийн төлөө, өөрийн амьдралын 18 жилийн хүч хөдөлмөр, чин сэтгэлээ харамгүй зориулсан бахархал дүүрэн нэгэн байв.
Тэрээр

1995-1998 онуудад Ниппон сангийн “Монгол улсад эм, эмийн бэлдмэлийн эргэлтийг боловсронгуй болгох” төслийн ахлах зөвлөх,

1999-2001 онуудад Европын холбооны TACIS байгууллагын “Монгол улсын эрүүл мэндийн тогтолцооны санхүүгийн менежментийг боловсронгуй болгох” төслийн ахлах зөвлөх,

2002-2010 онуудад Япон улсын Хөдөлмөр, халамж үйлчилгээний олон улсын корпорацын (JICWELS) суурин төлөөлөгч, “Эрүүл мэндийн салбарын хөгжил ба шинэчлэл” төслийн ахлах зөвлөх,

2010-2014 онуудад Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Эрүүл мэндийн салбарын хөгжил-гурав дахь хөтөлбөр”-ийн эрүүл мэндийн төлөвлөлтийн зөвлөх,

2010-2021 онуудад Глобаль сангийн Монгол дахь орон нутгийн багийн удирдагч зэрэг ажлуудыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үлгэр жишээ удирдагч байв.

Талийгаач нь ХДХВ/ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн төсөл хөтөлбөрүүд Монгол улсад амжилттай хэрэгжихэд өөрийн мэдлэг чадвар, сэтгэл зүрхийг харамгүй зориулсан, Монгол түмний эрүүл энхийн төлөө үнэлж баршгүй гавъяатай нэгэн байв.

Түүний Монгол улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, Монгол улсын “Эрүүл мэндийн яамны хүндэт тэмдэг” Монгол Улсын ерөнхийлөгчийн 122-р зарлигаар “Найрамдал” медалиар тус тус шагнажээ.

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн Үндэсний зохицуулах зөвлөл, Хөтөлбөр зохицуулах нэгж, салбар хүлээн авагч байгууллагуудын хамт олноос талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, үе үеийн хамтран ажиллагсдад нь гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаачийн маань хөдөлмөрч, хүнлэг зан чанар, эелдэг найрсаг дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Амгалан нойрсох болтугай.
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн
Үндэсний Зохицуулах Зөвлөл
Хөтөлбөр Зохицуулах Нэгж
Салбар хүлээн авагч байгууллагуудын хамт олон

Share this post

Start typing and press Enter to search

Shopping Cart