Глобаль сангийн гүйцэтгэх захирлаар Марк Дайбул томилогдлоо
ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Удирдах зөвлөлийн 56 дугаар хурлаар доктор Марк Дайбулыг дараагийн Гүйцэтгэх захирлаар томиллоо. Тэрээр дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаа 2027 оны эхээр эхлүүлнэ.
Анагаах ухааны доктор Дайбул нь дэлхийн эрүүл мэнд, хөгжлийн салбарт өргөн туршлагатай бөгөөд 2013–2017 онд Глобаль сангийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүхтэй. Ажлынхаа эхэн үед тэрээр Глобаль сангийн урт хугацааны түнш болох АНУ-ын PEPFAR буюу ДОХ-ын эсрэг яаралтай тусламжийн төлөвлөгөөг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр тус санаачилгад янз бүрийн албан тушаал хашиж байсны дотор 2006–2009 онд АНУ-ын ДОХ-ын асуудал хариуцсан зохицуулагчаар ажиллаж байсан.
“Марк онцгой туршлага, хүчтэй хүсэл эрмэлзэлтэй бөгөөд дэлхийн эрүүл мэндийн салбарт үр дүнд хүрч ирсэн нь нотлогдсон хүн юм” гэж Глобаль сангийн Удирдах зөвлөлийн дарга, хатагтай Рослин Мораута цохон тэмдэглэв. “Тэрээр түншлэлийн хүч чадлыг ойлгодог бөгөөд хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийн амь насыг аварч, амьдралыг сайжруулах шинэлэг арга замыг эрэлхийлэхэд бүх карьераа зориулсан. Дэлхийн эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт өрнөж буй энэ үед бид шинэ нөхцөл байдалд дасан зохицож, ДОХ, сүрьеэ, хумхааг устгахын тулд түүний алсын хараа, шийдэмгий байдал үнэлж баршгүй ач холбогдолтой байх болно.”
Дайбул хамгийн сүүлд дэлхийн эрүүл мэндийн бүтэц, засаглалын асуудлаарх “Аккрагийн шинэчлэл” (Accra Reset) дээд түвшний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд тэрбээр засгийн газрууд, судлаач, эрдэмтдийг нэгтгэн эрүүл мэндийн шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн ололтыг бодлогод практикаар хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлдэг Жоржтауны их сургуулийн Дэлхийн эрүүл мэндийн практик ба нөлөөллийн төвийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тус төвийн Стратеги хариуцсан захирлаар ажилладаг. Мөн Жоржтауны их сургуулийн анагаах ухааны байнгын профессор юм. 2020–2021 онд тэрээр Цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний бие даасан зөвлөлийн гишүүн байсан.
“Дэлхийн эрүүл мэндийн ирээдүй нь улс орнуудын хариуцлага, бие даасан байдал, тогтвортой эрүүл мэндийн тогтолцооноос улам ихээр хамаарна гэдгийг Марк ойлгодог” гэж Глобаль сангийн Удирдах зөвлөлийн дэд дарга Биенс Гаванас хэлэв. “Түүний удирдлаган дор Глобаль сан хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг орхигдуулахгүйгээр улс орнуудад энэхүү шилжилтийг түргэтгэхэд дэмжлэг үзүүлэх болно.”
Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал ажлаа хүлээн авах хүртэл Питер Сэндс байгууллагыг үргэлжлүүлэн удирдана.
2018 онд Гүйцэтгэх захирал болсноос хойш Сэндс дэлхийн эрүүл мэндийн урьд өмнө байгаагүй сорилт, өөрчлөлтийг давж гарахад Глобаль санг удирдаж, олон талт түншлэлээр сая сая хүний амь насыг аварч, ХДХВ, сүрьеэ, хумхаатай тэмцэх ажлын ахиц дэвшлийг түргэтгэхэд хувь нэмэр оруулсан. Түүний удирдлаган дор Глобаль сан эрүүл мэнд болон олон нийтийн хамруулах тогтолцоонд урьд өмнө байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, шинэ үеийн хумхаагаас хамгаалах тор, сүрьеэгийн шинэ шинжилгээ, ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх удаан хугацааны үйлчилгээтэй хэрэгсэл зэрэг томоохон инновацуудыг нэвтрүүлэх ажлыг хийсэн билээ.
Энэхүү томилгоотой холбогдуулан хатагтай Рослин Мораута, Биенс Гаванас нар Глобаль сангийн Удирдах зөвлөлийн дарга, дэд даргын албан тушаалыг Эрна Солберг, Хавьер Уркаде Беллок нарт шилжүүлэн өгөв. Тэд Питер, Марк нартай хамтран удирдлагын шилжилтийг саадгүй явуулж, Глобаль санг ирэх жилүүдэд амжилттай үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах болно.
Санхүүжилтийн нөхцөл байдал өөрчлөгдөж, шинжлэх ухаан, технологи хурдацтай хөгжиж, дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлүүд шинэчлэгдэж буй энэ үед удирдлагын шилжилтийг саадгүй явуулах нь Глобаль сангийн дараагийн үе шатанд чухал ач холбогдолтой юм.
“Удирдах зөвлөлийн шинэ удирдлагын хувьд Хавьер бид хоёр инновац, шинэ хамтралыг дэмжин хорин жилийн амжилтаа урагшлуулахаар Марктай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. Мөн бид улс орнуудыг илүү тогтвортой, бие даасан эрүүл мэндийн тогтолцоотой болоход нь дэмжиж, ДОХ, сүрьеэ, хумхааг устгах зорилтын хүрээнд ахиц дэвшлийг хурдасгах болно.” гэж Удирдах зөвлөлийн шинэ дарга Эрна Солберг хэлэв.
Намтар – Профессор Марк Дайбул
Доктор Марк Дайбул нь Жоржтауны их сургуулийн Анагаах ухааны төвийн Анагаах ухааны тэнхимийн профессор, Дэлхийн эрүүл мэндийн практик ба нөлөөллийн төвийг хамтран үүсгэн байгуулагч, Стратеги хариуцсан захирал бөгөөд Purpose Africa байгууллагын дарга юм.
Эмч, удирдах ажилтны хувьд Дайбул үр ашигтай, үр дүнтэй эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг бий болгох өргөн туршлагатай. Тэрээр улс орнууд өөрсдөө хариуцсан, олон нийтэд суурилсан тогтвортой эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих, салбар хоорондын хүчтэй түншлэлийг бэхжүүлэхэд тууштай ханддаг. Дайбул ХДХВ болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эмч, эрдэмтэн, багш, удирдах ажилтнаар 25 гаруй жил ажилласан. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн ДОХ-ын эсрэг яаралтай тусламжийн төлөвлөгөөг (PEPFAR) бий болгоход оролцож, удирдаж байсан бөгөөд 2013–2017 онд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Гүйцэтгэх захирлаар ажилласан.
Эх сурвалж: Глобаль сан, https://www.theglobalfund.org/en/news/2026/2026-10-28-global-fund-board-appoints-mark-dybul-as-next-executive-director/?fbclid=IwY2xjawVPnk1leHRuA2FlbQIxMQBwZG9mBWJyaWQRMXZCcGVwRjJmc0RyZUhmdHVzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEf109v2lvOkexQqaZ8o2xZWrUW57CT5l1YWWlkKJohw2KuPnbxzxK84v2R11k_aem_4EWe4mElHtJaIrVOfByxVw
